Үйл ажиллагаа163 уншсан
“Намрын ажил” амьдрах чадварын хөтөлбөр

12 дугаар ангийн сурагчид маань тариан талбайд гарч, ургац хураалтын ажилд оролцон, хөдөлмөрийн үнэ цэнэ, хамтын хүч, тэвчээр, хичээл зүтгэлийн утга учрыг өөрийн биеэр мэдэрч байна.
Өглөөг эрт угтан ажилдаа гарч, нар салхинд хөдөлмөрлөж, нэг нэгэндээ туслан, хамтдаа ургацаа хураах энэ мөчүүд төгсөх ангийн сурагчдад маань мартагдашгүй дурсамж төдийгүй амьдралын чухал сургамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн сурагчдын маань хичээнгүй байдал, сэргэлэн занг тариаланчид, ногоочид өндрөөр үнэлж, бахархсан сэтгэгдлээ хуваалцлаа.
Улсын аварга тариаланч Б.Будалцолмонгийн сэтгэгдлээс:
Шинэ Монгол сургуулийн хүүхдүүд оюуны потенциал өндөртэй, оюунлаг юм байна. Ногоочид бид нар ер нь хар ажил хийж байгаа шүү дээ. Ажлаа зааварчлахад маш сайн ойлгодог. Аль ногоог аль шуудайнд хийх вэ, алийг нь хаях вэ, энэ талбайд хэрхэн ажиллах вэ гэдгийг нэг хэлээд л ойлгодог болохоор бидэнд маш их давуу талтай. Өдөржин нэг юмаа давтаж хэлж ярих шаардлагагүй.
Өчигдөр манай хүүхдүүд 0.5 га газар хураасан бол өнөөдөр нэг дахин илүү буюу 1 га газар хураачихсан байгаа. Ерөөсөө тухайн үеийнхээ нөхцөл байдалд зохицох чадвар нь маш сайн юм байна.
Багаасаа хөдөөгүүр явж, амьдрах чадварын олон хөтөлбөрт хамрагдаж байсан болхоор ногоо хураалтад ирэхдээ ажлын хувцас, бэлтгэлээ маш сайн хангаж ирсэн байна. Ялаа, шумуул болон шороо тоосноос хамгаалах зүйлсээ маш сайн бэлдсэн байна. Энэ нь багш нар нь хүүхдүүдээ мэдээллээр хангаж, хүүхдүүдийнхээ оюун санаа, сэтгэхүйд маш сайн суулгаж өгснийх байх.
Ногоочид бидний ажлыг ингэж сайн дэмжиж, хурдан явуулж байгаад баяртай байна. Мөн бид нар Шинэ Монголын хүүхдүүдээс урам авч байна. Маш их баярлалаа.
“Намрын ажил” хөтөлбөрийнхөө үлдсэн өдрүүддээ амжилттай хамрагдаж, хөдөлмөрийн үнэ цэнэ, хамтын хүч, амьдралын ухаанаас суралцан, олон сайхан дурсамж бүтээхийг нийт сурагчдадаа хүсэн ерөөе.
Сурагчидтайгаа хамтран ажиллаж, өдөр бүр үлгэрлэн чиглүүлж, дэмжин ажиллаж буй багш нартаа болон сурагчдын маань хөдөлмөрийг халуун сэтгэлээр дэмжин, хамтран ажиллаж буй тариаланч, ногоочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл, халамж дэмжлэгийн ачаар хүүхдүүд маань амьдралын чухал хичээлээс суралцаж, үнэ цэнтэй туршлага хуримтлуулж байна.
Та бүхэндээ баярлалаа!












