Logo
Цэс
Сургуулийн мэдээ15 уншсан

ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Э.БУЛГАН-ЭРДЭНИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ

ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Э.БУЛГАН-ЭРДЭНИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ
Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт багш ажилчид, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчид аа, Шинэ Монгол сургуулийн нийт сурагчид аа!
Та бүхэндээ ЕБ-ын Шинэ Монгол сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье!
Мөн манай сургуулийн сургалтын чанар, амжилтын түүхийг түүчээлэн чиглүүлж буй МУГБ Д.Алтангэрэл, Б.Өнөржаргал тэргүүтэй нийт багш нартаа болон сургуулийн удирдлагын хамт олондоо хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Гар-сэтгэл нийлж хамтдаа өмнөх амжилтуудаа бататгаж хичээн ажиллацгаая.
Өнөөдөр сурагч хүүхдүүдийн маань нүд нь гэрэлтээд, ирээдүйдээ тэмүүлсэн эрч хүчтэй сайхан харагдаж байна. Бид энэ хичээлийн жилийг “Сурагч бүр зорилгоо тодорхойлж, сурах арга барилдаа тулгуурлан, өөртөө итгэлтэй, бүтээлчээр суралцах” зорилго руу чиглүүлэн эхлүүлж буй билээ. Энэ бол зөвхөн сургуулийн зорилт биш, харин сурагч бүр өөрийн гэсэн сурах арга барилтай, дэлхийн иргэн болж төлөвшихөд чиглэсэн аялал юм.
Ахлах сургууль бол өөрийгөө нээх, ирээдүйн карьерын сууриа тавих хамгийн хариуцлагатай бөгөөд чухал үе. Сургуулийн зүгээс академик мэдлэгээс гадна хувь хүний хөгжил, карьер төлөвлөлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Иймээс бүгдээрээ бүтээлчээр суралцах арга барилаа улам бүр сайжруулж, судлаач хандлагыг өөртөө төлөвшүүлээрэй.
Ахлах сургуулийн босгыг алхан орж ирж буй 10-р ангийнхандаа:
Та бүхэн маань өнөөдөр ахлах сургуулийн сурагч болж, бие даан суралцах шинэ шатанд гарч байна. Шинэ боломж, шинэ сорилтуудыг олж харан, даван туулаарай.
Харин 11-р ангийн сурагчдадаа:
Энэ жил та бүхэн маань Байгалийн ухаан болон Нийгмийн ухааны чиглэлээр гүнзгийрэн хуваагдаж, ирээдүйн мэргэжлийн суурь сонголтоо хийж буй онцлог жил юм. Мэргэжил сонголтоо тодорхой болгож, сонгосон чиглэлдээ мэдлэг, чадвараа гүнзгийрүүлэн хичээгээрэй.
Төгсөгчдийн буухиаг өртөөлж буй 12-р ангийнхандаа хандаж хэлэхэд:
Энэ жил бол их, дээд сургуулийн элсэлт болон хичээл сурлагадаа бүрэн анхаарч, бэлтгэлээ базаах хариуцлагатай жил төдийгүй, сургуулийнхаа босгоор хамтдаа алхсан анги хамт олноороо сайхан дурсамжуудыг бүтээх нандин жил юм. Эв эеэ эрхэмлэн, бие биеэ дэмжин суралцаарай.
Нийт ахлах ангийн сурагчид маань мэргэжил сонголтоо тодорхой болгож, зорилгоо алхам алхмаар хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хичээнгүйлэн урагшилна гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг дэмжих олон сайхан багш нар нь, мөн сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн төв үргэлж нээлттэй байх болно.
Төгсгөлд нь, Японы шинэ 10 мянган иений мөнгөн тэмдэгт дээр дүрээ мөнхөлсөн алдартай сэтгэгч Шибүсава Эйичигийн “Амжилт гэдэг бол өдөр бүрийн жижиг хичээл зүтгэл, үнэнч шударга байдлын чимээгүй цуглуулга юм” гэсэн үгийг ерөөл болгон хэлье.
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
2026.09.01