Logo
Цэс
Сургуулийн мэдээ13 уншсан

Шинэ Монгол дунд сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтэд Шинэ Монгол сургуулийн 23 дугаар үеийн төгсөгч Б.Хэрлэнхишигийн хэлсэн үгийг хүргэж байна.

Шинэ Монгол дунд сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтэд Шинэ Монгол сургуулийн 23 дугаар үеийн төгсөгч Б.Хэрлэнхишигийн хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид, төгсөгчид, эцэг эхчүүд, багш ажилчид болон номын ах дүү нар Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн гал халуун баярын мэндийг дэвшүүлье! Энэхүү баярт өдөр нийт төгсөгчдөө төлөөлөн үг хэлэх нэр хүндтэй боломжийг олгосонд та бүхэндээ гүнээ талархаж байна.
Юуны түрүүнд, бага ангийн бяцхан сурагчаас дунд ангийн босгыг даван алхаж буй 32-р үеийн 6-р ангийн дүү нартаа болон саяхан энэ замаар алхаж, өнөөдөр номын ах, эгч болж буй 31-р үеийн 7-р ангийн дүү нартаа халуун баяр хүргэе!
Сурагчийн ширээнээс гараад 2 жил, анх дунд сургуулийн босгоор алхаж байснаас хойш хэдийнэ 9 жил өнгөрчээ. Яг одоо та бүхний зогсож байгаа газар, сэтгэлд чинь буцалж буй тэр догдлол, "Энэ хичээлийн жил юу болох бол?" гэсэн бяцхан айдас гээд солонго мэт тэр олон мэдрэмжүүд одоо ч гэсэн миний сэтгэлд тодхон мэдрэгдэж байна.
Дунд сургуульд дөнгөж элсэж байгаа та хэдэд "Төгсөлт" гэдэг үг маш хол санагдаж магадгүй. Гэвч энэ бүхэн нүд ирмэхийн зуур л өнгөрдөг юм шүү. Анги дэвших тусам "Би ирээдүйд хэн болох вэ?", "Ямар замаар явах вэ?"гэх асуултууд өдрийн бодол, шөнийн зүүд болох үе олон гарна. Тэгвэл яг одооноос эхлэн тэр асуултынхаа хариуг олохын тулд өөрийгөө олон зүйлд зоригтойгоор сориорой!
Миний өнөөдөр энд зогсоод та бүхэнд үг хэлж байгаа маань ч үүнтэй шууд холбоотой.
Шинэ Монгол сургуульд суралцсан 12 жилийнхээ хугацаанд надад өөрийгөө сорьж, оролцож үзээгүй тэмцээн уралдаан, соёл урлагийн ажил гэж бараг байхгүй. Оролцох бүртээ алтан медаль авч, дандаа нэгдүгээр байранд ордоггүй байсан хэдий ч тэр бүхнээс цуглуулсан туршлага, унаж боссон сургамж, олж авсан мэдлэг маань өнөөдөр намайг Японд тэтгэлэгтэйгээр суралцах том зам мөрийг минь засаж өгсөн гэж би баттай хэлнэ. Учир нь чамайг хэр сайн хүн болохыг заримдаа хэдэн медалиас илүү чамтай хамт мөр зэрэгцэн суралцсан үеийн нөхөд, хичээл заасан багш нар чинь нэвт шувт хардаг юм шүү. Энэ бүхний эцэст дүү нартаа ойлгуулахыг хүссэн нэг чухал зүйл бий.
Та бүхэн хэн нэгэнд өөрийгөө баталж харуулахын тулд, эсвэл зүгээр л титэм шиг сайн дүн авахын тулд битгий хичээгээрэй. Дүн бол зүгээр л цаасан дээрх тоо. Харин өөрийнхөө төлөө чин сэтгэлээсээ хийсэн хичээл бүхэн, ширээний цаана сууж шийдвэрлэсэн бодлого бүхэн, нойроо хугаслан уншсан ном бүхэн чинь гагцхүү чиний толгойд, чиний ур чадвар болон үлддэг юм. Бусдад гоё сайхан харагдахын тулд биш, өөрийнхөө маргаашийн ирээдүйн төлөө өнөөдөр шаргуу, үнэнчээр өөрийнхөө төлөө хөдөлмөрлөөрэй.
Заримдаа "Би ингэчихвэл хүмүүс намайг юу гэж бодох бол?", "Алдаа гаргачихвал намайг шоолох болов уу?" гэсэн айдас та нарыг хойш нь татах үе гарна. Гэвч бүү хүлэгдээрэй. Яг үнэндээ бусад хүмүүс чиний бодож байгаа шиг чамайг тийм анхааралтай хараад, шүүмжлээд байдаггүй юм.
Тиймээс өөртөө итгэлтэй байж, тэр айдастайгаа нүүр тулан, гараа хумхин суулгүйгээр шинэ хичээлийн жилтэйгээ зэрэгцэн шинэ амжилт, шинэ эхлэлээ тавиарай!
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн өндөр амжилт хүсье! Баярлалаа.